Хүнсний ногоо худалдан авахдаа анхаарах зүйлс

  1. Худалдаа, үйлчилгээний газраас хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн сонгон авахдаа шошгонд хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх, тухайн барааны чанар илт муудсан эсэхийг сайтар нягтлан үзэх
  2. Түргэн гэмтэж чанар байдлаа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй болон чингэлэг, ил задгай худалдаанаас авч хэрэглэхгүй байх
  3. Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсэн, дарахад хонхолзож, бамбаж үүссэн, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал муудсан тул худалдан авахгүй, хэрэглэхгүй байх
  4. Шилэнд савласан бүтээгдэхүүнд тунадас үүссэн, шүүс нь булингартай, доторх хүнсний ногоо, жимс нь хорчийж жижгэрсэн, ялзарсан, хөгцөрсөн, бөглөө, таглаанд нь жижиг цагаан өнгөр үүссэн эсэхийг шалгаж авах
  5. Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон, хөлдөж чанараа алдсан, шар уураг нь холилдсон, шохойлог хатуу хальс нь хагарч уураг нь гоожсон байвал худалдан авахгүй байх
  6. Хиам худалдаж авахдаа гадаргуу нь үрчийгээгүй гөлгөр, нойтон биш, өнгө нь хувираагүй, элдэв гаж үнэргүй, зөвхөн бүтээгдэхүүний өөрийн өвөрмөц амт, үнэртэй байх ѐстойг анхаарах
  7. Хөлдөөсөн, хөргөсөн хүнсийг худалдаж аваад богино хугацаанд гэрийн хөргөгчинд хийх, эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх, мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг шууд хэрэглэдэг бүтээгдэхүүнээс сайтар тусгаарлан хадгалж зөөвөрлөх нөхцөлийг хангах
  8. Мах, махан бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээтэй, эрх бүхий лабораторид аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдсан эсэхийг нягтлан үзэх
  9. Худалдаа, нийтийн хоолны газраас архи, согтууруулах ундаа худалдан авах, үйлчлүүлэхдээ хаана үйлдвэрлэсэн болон үйлдвэрлэсэн он сар өдөр, хаяг шошго, чанар, аюулгүй байдлын баталгаажилттай эсэхийг магадлан үзэх, тунадас булингартай, механик хольцтой, хямд үнэтэй, архи, согтууруулах ундаа, мөн гар дээрээс худалдаалж буй архи, согтууруулах ундааг худалдан авч хэрэглэхгүй байх
  10. Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнээ зөв хадгалж, бүрэн боловсруулан хэрэглэх, дэлгүүр дэх хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал, удаан хадгалсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхгүй байх
  11. Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд явуулж буй худалдаа, үйлчилгээнээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх
  12. Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж, урагдаж, гэмтсэн бол худалдаж авахгүй байх нь зүйтэй. Иргэд, худалдан авагч Та бүхэн хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, гадаад байдал өөрчлөгдөж муудсан, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, хадгалалт, тээвэрлэлтийн шаардлага хангаагүй бараа, бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байж, өөрсдийгөө эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж сэрэмжлүүлж байна. Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон, аюулгүй хүнс хэрэглэх нь хоол, хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах чухал алхам юм Иргэн таны эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх нь гагцхүү таны мэдэлд байна.

Хариу бичих

Your email address will not be published.Талбаруудыг заавал бөглөнө үү *

*

Powered by themekiller.com anime4online.com animextoon.com apk4phone.com tengag.com moviekillers.com